Өмнө нь хашаандаа мод, цэцэг тариад түүнийгээ харж баясдаг байсан бол орчин үед хүнсний ногоо, жимс, жимсгэнийг өөрсдөө тарьж ургуулах, эрүүл хүнс, эдийн засгийн хэмнэлтэнд илүүтэй анхаарах болсон нь ногоон орчинд хандах хандлага өөрчлөгдсөнийг илтгэнэ. “Хэрэв та хашаатай бол түүнийгээ хэрхэн тохижуулж, ямар ногоон байгууламжийг бүтээнэ хэмээн төсөөлж байна вэ?” гэсэн асуултад нийт 465 оролцогчийн дийлэнх нь “Өрхийн хэрэглээний ногоогоо өөрсдөө тарьдаг болмоор байна” гэсэн хариултыг өгсөн юм. Хоёрдугаарт, “Гэр бүлээрээ хамтдаа хооллож, цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг орчинг бүрдүүлнэ” гэсэн хариулт байлаа. Харин “Ногоон байгууламж танд юу өгөх вэ?” гэсэн асуултад дийлэнх оролцогч “Сэтгэл санааг тайвшруулна” гэж хариулсан байдаг.