Монголын барилгын үндэсний ассоциаци /МБҮА/ – ийн 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Монголын барилгын хөгжлийн форум” Шангри Ла зочид буудлын хурлын танхимд өнөөдөр боллоо.
Арга хэмжээг нээж МБҮА – ийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “ МБҮА нь 160 гаруй гишүүн байгууллагатай бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч нартайгаа хамтран нийт 30 мянга гаруй ажлын байрыг бий болгож, өнөөгийн бүтээн байгуулалтын 80 гаруй хувийг манай гишүүн байгууллагууд бүтээн босгосон байна. Мөн гадаад, дотоодын хамтын ажиллагаагаа хөгжүүлж, олон ажлыг хийж гүйцэтгэсний дотор Барилга, хот байгуулалтын яам /БХБЯ/ – тай хамтран барилга байгууламжийн зураг төсөл зохиох, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийг үйлдвэрлэх, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, дүгнэлт гаргах ажлыг түншлэгч, төрийн бус байгууллагуудтай хамтран 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Бид тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод, шуурхай болгож, аж ахуй нэгжүүдийн өсөлтийг цахим хэлбэрээр авч, ажлын 2-5 хоногийн дотор шийдвэрлэдэг болсон. Цаашид бид барилга угсралтын ажлын улирлын нөлөөллийг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй барилгын технологийг нэвтрүүлэх, барилгын салбарын хүлэмжийн хийг бууруулах, мэргэжилтний ур чадварыг улам нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх зэрэг олон зорилтуудыг БХБЯ – тай хамтран хэрэгжүүлэхэд МБҮА – ийн оролцоог нэмэгдүүлэн ажиллах болно” хэмээн ярьсан юм.
Арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын яамны холбогдох албан тушаалтнууд, Ази Номхон Далайн Орнуудын Гэрээлэгчдийн Ассоциациудын Олон Улсын Нийгэмлэгийн ерөнхийлөгч, салбарын мэргэжлийн холбоод, судлаачид, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, гадаадын зөвлөх экспертүүд нэгэн дор цуглаж, барилгын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, түүнээс гаргасан санал, дүгнэлтийг олон нийтэд хүргэхээр боллоо.
Форумаар барилга, бүтээн байгуулалтын хөгжлийн чиг хандлага, барилгын салбарын инноваци, шинэ дэвшилтэт технологи, үл хөдлөх хөрөнгийн хөгжлийн чиг хандлага, ногоон барилга зэрэг асуудлыг хөндөн хэлэлцсэн бөгөөд эдгээр сэдвийн хүрээнд “Төрөөс барилгын салбарт баримтлах бодлого” , “Үл хөдлөхийн салбарт технологийн үзүүлэх нөлөөлөл” , “Барилгын салбарын ногоон хөгжил” , “Барилгын салбарын цахим хувьсгал” гэх мэт илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүлэн, тодорхой шийдлүүдийг гаргасан юм.
Форумын туршид МБҮА-ийн гишүүн байгууллагуудын үзэсгэлэн болж, өөрсдийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаар танилцууллаа.
Эх сурвалж http://barilga.mn